Сирийн Алеппо хотын хүүхдүүд тэнгэр харан суухаас өөр аргагүй болжээ. Энд өвөл эхлэх хараахан болоогүй ч хүйтэн салхи үлээхтэй зэрэгцэн бөмбөг, мина дэлбэрч, цэргийн анги нэгтгэл, айл өрхийг ялгалгүй их буугаар галласаар байна. Орон гэрээсээ дайжин амьдарч буй хотын хагас сая оршин суугчид ундны ус, хоол хүнсээр гачигдаж, хүүхдүүдээ унтуулах дулаан газар эрсээр байгаа ажээ. Ихэнх эмнэлгүүд хаагдаж, эрүүл мэндийн ажилтан, эмч нар нь алагдаж эсвэл үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул арга буюу зугтжээ. Дархлаажуулалтын аян зогссоноос арав гаруй мянган хүүхэд өвчинд эмзэг болсон байна. Мөн удаа дараагийн халдлага заналхийллээс болж хүүхдүүд сургуульд биш, дэлгүүр хоршоо, сүм хийд, хоосон барилгад хичээллэж байгаа юм.
Сүүлийн саруудад Юнисеф байгууллага хүүхдүүдэд нэмэлт тэжээл хүргэж, усны чанарыг сайжруулах ажлуудыг хийж эхэллээ. Гэвч Алеппо хотын 250 мянган хүүхдэд хүмүүнлэгийн тусламж хаанаа ч хүрэлцэхгүй байна.




















































