Өмнө нь Макао арлыг Дорно зүгийн Лас Вегас гэж нэрлэдэг байсан. Харин одоо ингэж зүйрлэхэд хэцүү болжээ. Макао арал Лас Вегасаас дутахгүй сүр дуулиантай, гялалзсан сайхан хот болж хувирсан төдийгүй хамгийн гол нь сүүлийн хэдхэн жилийн дотор Макаогийн мөрийтэй тоглоомын газруудын нийт орлогын хэмжээ Америкийн Лас Вегасын мөрийтэй тоглоомын газруудын орлогоос хол давж гарах болжээ. Одоо Дэлхийн хамгийн цуутай мөрийтэй тоглоомчид зөвхөн Макао руу цувах болсон байна. Макао арал дээр Дэлхийн өөр хаана ч байхгүй хамгийн том мөрийтэй казиног байгуулжээ. Энэхүү тоглоомын газрын хажууд 3000 гаруй өрөөтэй Дэлхийн хамгийн том дээд зэрэглэлийн зочид буудлыг байгуулсан байна. Сүүлийн үед Макаод яг Венецийнх шиг усан гудамж бий болсон бөгөөд энд дундад эртний байдлаар серенада дуулдаг завьчин бүсгүйчүүд ч бий болсон байна. Жил ирэх бүх Хятадад баян хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэд азаа үзэн мөрийтэй тоглоомын газар, казинод орох сонирхол ихтэй байдаг. Макаогийн хувь заяа ч үүнээс шууд хамаарах болоод байна.





















































