Литвачууд Украинд туслахаар цэргийн тусламж илгээхээр болсон тухай тус улсын ерөнхийлөгч Даля Грибаускайте мэдэгджээ. Литва улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Даля Грибаускайте Украины төлөөлөгчидтэй уулзахдаа орчин үеийн цэргийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна. Энэ хооронд Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко НАТО-гийн гишүүн болох үндсэн шалгуур, болзолд тэнцсэнийхээ дараа бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй ажээ. Литва улсын ерөнхийлөгчтэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухайгаа мэдэгджээ. Гэхдээ тэрээр НАТО-гийн зүгээс Украиныг гишүүнээр элсүүлэхэд ямар болзол тавьсныг нууцалсан байна. Харин НАТО-гийн зүгээс гишүүн элсүүлэх тогтсон шалгуур, жагсаалт байхгүй гэж мэдэгджээ. Ажиглагчдын үзэж буйгаар Украины Засгийн газар болон зүүн нутгийн Оросыг дэмжигчдийн хоорондох зөрчил мөргөлдөөн нь НАТО-д элсэхэд илүү хялбар болгох магадлалтай гэнэ.




















































