Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхаглажээ. Эрдоган “Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс өөрөөр бүтээгдсэн. Тиймээс эрэгтэй хүний ажлыг хийж таарахгүй. Исламын шашны ёсоор тэдний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” гэж мэдэгдсэн байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ижил түвшинд тавьж болохгүй. Энэ зүй бус хэмээн Эрдоганы үзэж байгаа юм.
Түүнийг ийн хэлсний дараа Туркийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын гишүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид Эрдоган улсын Үндсэн хууль, жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Олон улсын конвенцийг зөрчиж байна гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Эрдоган турк эмэгтэйчүүд гурван хүүхэд гаргах хэрэгтэй гэж үздэг бөгөөд тэрбээр өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2012 онд үр хөндөлтийн эсрэг хууль санаачилж байсан нь мөн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Турк эмэгтэйчүүд Тайип Эрдоганы Засгийн газрын санаачилсан үр хөндөлтийн талаарх хуулийг эсэргүүцэн жагссан. 1983 онд батлагдсан хуучин хуулиар эмэгтэйчүүд жирэмсний 10–аас доош 7 хоногтой байхдаа үр хөндөлт хийлгэж болдог байсан. Харин шинэ хуулинд дөрвөн долоо хоногоос хэтэрвэл хүүхдээ авахуулж болохгүй гэж заажээ. Эрдоган хүн ам өсөх нь эргээд Туркийн эдийн засагт ашигтай гэж үздэг байна.




















































