Сьерра Леон улсын Кенема хотын оршуулгын ажилтнууд Эбола вирусаар нас барсан хохирогчдын цогцсыг төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар олон нийтийн газар хаясан хэрэг шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, оршуулгын ажилтнууд 15 хохирогчийн цогцсыг хотын төв эмнэлгийн гадна хаясан ажээ. Тэд цогцоснуудыг шуудайнд хийж, ариутгалгүйгээр хаясан нь үнэхээр хүнлэг бус хэрэг хэмээн олон нийт шүүмжилж байна. 1200 гаруй хүн Эбола вирусаар амиа алдсан Сьерра Леон улсын Кенема хотын оршуулгын газрын ажилтнуудад Засгийн газраас тусгай төлбөр олгоно гэсэн болзол тавьсан учир ийм хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Гэвч амласан мөнгөө өгөөгүй учир ажил хаялт зарлаж, цогцоснуудыг хаа сайгүй хаях болжээ.
Засгийн газрын Үндэсний Эболагийн эсрэг төвийн төлөөлөгч Сиди Яахия Тунис “Дэлхийн банкнаас олгох санхүүжилтийг хэн хойшлуулаад байгааг мэдэхгүй” хэмээн ярьжээ. Эбола вирустай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг өгөөгүй учир хоёр долоо хоногийн турш ажил хаялт зарлаж байна. Өөрсдийнхөө амь насыг золиослон байж бусдыг аврах хүсэл тэдэнд үлдээгүй бололтой. Энэ хооронд Эбола вирус шээс, үрийн шингэнээр дамжин халдварлаж байгааг эрдэмтэд сануулав. Мөн хувцас, ор дэрний хэрэгсэл зэргээр дамждаг юм.





















































Сэтгэгдэл (1)