Хонконгийн ардчиллын төлөө тэмцлийн лидер Жошуа Вонгийг шүүж эхэллээ. Түүнийг Монг Кок дүүрэгт нэвтрэхийг хориглож, бослогын талбайг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд саад болохгүй байхыг сануулжээ. Энэ долоо хоногт Монг Кок дүүрэг дэх үймээнд оролцсон 140 гаруй жагсагчийг хоморголон баривчилсан байна. Өчигдөр буюу лхагва гаригт оюутнууд Наданы замыг дахин бүслэхийг завдсан ч цагдаа нартай шөнөжингөө мөргөлджээ. Энэ мөргөлдөөн үүр цайтал үргэлжилж, цугларсан олныг хүчээр тараасан байна. Хонконгийн захиргаанаас 6000 цагдаагийн ажилтныг хамгаалалтанд гаргаж байгаа гэж “South China Morning Post” сонинд онцолжээ. Үүнээс болоод Оюутны холбооны удирдагчид төр захиргааны байруудыг эсэргүүцлийн бай болгож магадгүй гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн байна. Хонконгийн тэмцлийг хүчээр дарахыг оролдож байгаа ч 1989 онд Бээжингийн Тянь-Ань Миний талбайд болсон үйл явдлыг давтаж болзошгүй хэмээн шинжээчид эмээж буй ажээ.























































