Иракийн эрх баригчид авилгын эсрэг хяналт шалгалтыг эрчимжүүлсэний үр дүнд хуурамч нэрээр армид элссэн 50 мянган цэрэг байгааг илрүүлжээ. Эдгээр нь огт байдаггүй буюу армид алба хаадаггүй хүмүүс боловч төсвийн мөнгөнөөс цалин авдаг байна. Тиймээс хууль бусаар орлого олж буй хүмүүст хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Хайдар аль-Абади мэдэгдээд, цалин олгохоо зогсоожээ.“Исламын улс” бүлэглэлийн эсрэг Иракийн армийн тэмцэл хүч муутай байгаа нь авилгатай холбоотой гэж эрх баригчид дүгнэж байна. Авилга ингэтлээ газар авсан учраас л жинхэнэ цэргүүдэд очих цалин хүрэлцэхээ больсон гэнэ. Олон сар цалингаа аваагүй Ирак цэргүүд буу зэвсгээ хэт даврагчдад буюу дайснууддаа зарж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр тархсан юм. Уг нь АНУ, олон улсын цэргийн эсвэл Иракийн армид олон тэрбумаар тусалсан билээ.





















































