Ойрхи Дорнодод хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэлийн дайчид Францын интэрнэт хэрэглэгчдийг төөрөгдүүлж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх болжээ. Эдгээр хохирогчдын нэг болох сурагч хүү “Би хувцас хунар, хоол ундгүй зовж байна. Мөргөлдөөнд амь үрэгдсэн дайчдын цогцсыг зөөж, зэвсгүүдийг нь цэвэрлэдэг. Энд хатуу ширүүн өвөл болж байна” хэмээн Сирийн хойд хэсэгт орших Алеппо хотоос ар гэрийнхэндээ хандан и-мэйл бичжээ. Гэрээ санаж бэтгэрсэн хөвгүүд гэм зэмгүй иргэдийг цаазаар авч буй харгис үйлдлийг байнга шахуу хардаг байна. Өнгөрсөн есдүгээр сард Францын Дотоод яамны мэдээлсэнээр тус улсын 930 иргэн Ирак, Сирид дайтаж байгаагийн 60 нь эмэгтэйчүүд гэнэ. Тэнд тулалдаж байгаад хэт даврагч болсон иргэдийг нутагтаа эргүүлэн авчрах нь зүйтэй эсэхийг Францын эрх баригчид хэлэлцэж байна. Энэ сарын 13-нд Сирид 12 сар тулалдаж байгаад жихад дайчин болсон Флавейн Моиуг долоон жил хорих ялаар шийтгэсэн юм.
Өнөөдөр дэлхийн улс орнууд хэт даврагч болсон нутаг нэгтнүүдээ яах вэ? гэдэг дээр маргаан өрнүүлж байна. Дани, Франц зэрэг орнууд ийм хүмүүсийг шүүх цагдаа гэхээсээ илүүтэй, хүмүүжүүлж, нийгэмшүүлэн хэвийн амьдралд нь оруулах нь зүйтэй гэж үздэг.





















































