Хонконгт өрнөж буй ардчиллынх төлөө тэмцэлд гадаадын орнууд хөндлөнгөөс оролцохгүй байж, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд нь саад хийхгүй байхыг Хятадын эрх баригчид сануулжээ. “Хонконгийн үймээн бол цэвэр Хятадын дотоод асуудал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тиймээс бусад орнуудын хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцнэ” хэмээн Хятадын Гадаад хэргийн сайдын төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна. Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Хонконгт “Төвийг эзэл” хөдөлгөөн өрнөж эхэлсэнээс хойш жуулчдын тоо эрс буурч, сургууль, цэцэрлэг, банкуудыг хааж, хувьцааны зах зээл уналтад оржээ. Гэсэн ч Хонконг оюутнууд жагсаалаа үргэлжлүүлж, Хятадын эрх баригчид 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна. Энэ хооронд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Даниэль Руссель Хонконгийн иргэдийн дуу хоолойг сонсохыг Хятадад сануулсан юм.




















































