Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, худалдаалах байгууллагын үйл ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний санал боловсруулах, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах зорилгоор Төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 31-ний хооронд, тандалт судалгаа, хяналт шинжилгээг 2014 оны туршид, урьдчилан сэргийлэх хяналтыг 2014 оны 04-р сар, 09-р саруудад тус тус хийж гүйцэтгэсэн байна.Улсын хэмжээнд 209 эм ханган нийлүүлэх байгууллага түүний салбар, 1311 эмийн сан ажиллаж байгаагаас 43 эм ханган нийлүүлэх байгууллага буюу 20.5%, 393 эмийн сан буюу 29.9% нь хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан бөгөөд төлөвлөгөөний биелэлт99 хувь байна.
Шалгалтын явцад Эм хангамжийн байгууллагуудаас нийт 173 эрүүл зүйн арчдас, 53 агаарын шинжлэгдэхүүн, ундны уснаас 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж зөрчилтэй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөн шинжилгээг дахин авч зөрчлийг арилгуулан ажилласан.
Астрафарм, Түшиглэн, Мөнхийн тун, Мон-Адонис эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Витамин С уусмал эм нь улсын стандарт эсвэл фармакопейн өгүүлэлгүйгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гаргасныг буцаан татан авалт хийлгэн гүйцэтгэлд улсын хэмжээнд хяналт хийн таслан зогсоолоо.
Баян-Өлгий аймгийн “Байбулган” эмийн сангийн эм найруулах өрөөнд хадгалагдаж байсан Новокойн, риванол, натрийн гидрокарбонат, натрийн хлорид, амидопирин, калийн хлорид, магнийн сульфат, салицилийн хүчил, натрийн бромид, борын хүчил, сульфацил натри гэсэн хаягуудтай шилэн сав болон гялгар уутанд савласан, бэлдсэн болон хадгалах хугацаа, үнэ тодорхойгүй нийт 1,660 кг орчим хэмжээтэй нунтаг эмүүдийг шалгалтын бүрэлдэхүүн болон шалгуулагчдыг байлцуулан газар дээр нь устгасан байна.
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ:
Хяналт шинжилгээний хүрээнд 6 аймаг, 2 дүүрэг шалгалтанд хамрагдсан 25 эмийн сангаас эмийн сангийн бэлдмэл 51, дотоодын эмийн үйлдвэрийн 8, импортын 10 нийт 69 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж авч давхардсан тоогоор нийт 335 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулахад эмийн сангийн дотоод бэлдмэлийн 74,5% нь механик хольцтой, уусмалын дүүргэлт дутуу, дотоодын эмийн үйлдвэрийн эмийн 25% нь уусалт, үрэлт, жингийн хэлбэлзэл, үйлчлэгч бодисын хэмжээ шаардлага хангахгүй, импортын эмнэлгийн хэрэгслийн 20% нь нянгийн бохирдолтой байна. Шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан эмийн сангийн бэлдмэлүүдийг устгах арга хэмжээ авч хугацаатай үүрэг даалгавар өгөн зөрчлийг арилгуулсан байна.
Д.Ундрах/24tsag.mn/























































