Парис хотын дарга Энн Идальго 2020 он гэхэд дизель автомашины хэрэглээг бүрмөсөн хориглож, хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа “Journal du Dimanche” сонинд ярьжээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд явган хүний болон унадаг дугуйн замнуудыг хоёр дахин нэмэгдүүлэх гэнэ. Парис хотын агаарын чанар сүүлийн жилд байгаагүйгээр муудаж, автомашин хэрэглэгчдийн тоо 13 жилийн өмнөхөөс 20 хувиар өсчээ. Тиймээс эхний ээлжинд жуулчны автобус, хүнд даацын ачааны машиныг хотын төвөөр нэвтрүүлэхийг хязгаарлаж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхээр болсон байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 54 хувь нь дизель автомашиныг хориглохыг дэмжсэн ажээ. Дизель автомашин нь бензин хөдөлгүүртэй хэрэгслүүдээс түлш бага зарцуулдаг ч утаа их ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосон билээ.





















































