Францын Засгийн газар 2015 он гэхэд “Uber” такси үйлчилгээг хориглохоор шийдвэрлэжээ. Дотоодын такси үйлчилгээний компаниуд шударга бусаар өрсөлдөж байна хэмээн шүүмжлэл өрнүүлсэн учир ийм шийдвэр гаргасан байна. Гар утасны програм ашиглан такси захиалдаг “Uber” үйлчилгээ нэвтэрсэн нь энэ төрлийн бизнес эрхэлдэг 57 мянган францын иргэдэд муугаар нөлөөлжээ. Үүнээс гадна “Uber” үйлчилгээгээр зорчиж яваад осолдсон тохиолдолд хэрэглэгчдийг яаж хамгаалах нь тодорхойгүй гэнэ. Тиймээс энэ үйлчилгээг бүрмөсөн хориглож, хууль зөрчсөн жолоочид 300 мянган еврогийн торгууль ногдуулах буюу хоёр жил хорих ялаар шийтгэхээр болсон байна. Өмнө нь Энэтхэгийн нийслэл Делид таксины жолооч зорчигчийг хүчиндсэн тул үйлчилгээг бүрэн зогсоосон юм. Мөн Тайланд, Нидерланд, Испанид ч хориод байна.




















































