Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкорн энэ сарын эхээр эхнэр Срирасмигийн гүнж хэргэмийг нь хураан авсан билээ. Гүнжийн хамаатнууд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнханд баригдсан юм. Тэгвэл ханхүү өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ эхнэрээсээ салж буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Хаан угсааны нэрийг газарт унагаахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргав” гэсэн байна. Тайландын хэвлэлүүдэд мэдээлснээр “Ханхүүгийн мэдэгдлийн дараа Срирасми нийслэл Бангкокийг орхин гарсан. Ханхүү эхнэрээсээ салсан ч төрийн албан ёсны үйл ажиллагаанд хамт оролцоно” гэжээ. Гүнж Срирасмигийн гэр бүлийн нэр бүхий долоон хүн авлигын хэрэгт холбогдсон байна. Срирасми нь ханхүү Важиралонгкомын гурав дахь эхнэр бөгөөд нэг хүүтэй аж. Тэд анх 2001 онд албан ёсоор эхнэр нөхөр болж байсан түүхтэй гэнэ. Зарим эх сурвалжийн уламжилснаар хосууд салсан ч төрийн болон бусад албаны арга хэмжээ, ёслолд хамт оролцож байх хэвээрээ гэнэ.




















































