Сирийн Дейр аль-Жоур мужаас олдсон 230 хүний цогцос өнгөрсөн зун “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэж байсан энгийн иргэдийнх мөн гэж хүний эрхийн ажиглагчид мэдээлэв. Хэт даврагчид Мохассан хотын ойролцоох газрын тосны ордыг хяналтандаа авахаар тэмцэж байхдаа Шейтат омгийн эдгээр хүмүүсийг хөнөөсөн болохыг мөрдөгчид тогтоожээ. “Намайг гэр бүлийнхэнтэйгээ зугтаж байхад хананд маш олон хүний толгойг дүүжилсэн байсан” гэж амьд үлдсэн нэгэн гэрч ярьсан байна. Шейтат омгийн эрчүүдийг цаазар авч буй бичлэгийг интернэтэд нийтэлсэн нь үүний нотолгоо болох юм.”Исламын улс” бүлэглэлийнхэн шархадсан эрчүүдийг эмнэлгээс хүчээр гарган авч, цаазлан хороосон гэдэг мэдээлэл ч байна. Омгийн эрчүүд бууж өгсөнөөр энэхүү цуст аллага дууссан юм. Гэхдээ өнгөрсөн зунаас хойш Шейтат омгийн 900 гаруй хүн алагдаж, хэдэн зуун хүн сураггүй алга болжээ.




















































