Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Диярбакыр хотод Курдын Хөдөлмөрчдийн намын дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах үеэр 17 настай хүү буудуулж амиа алджээ. Хүүг гурван удаа буудаж, хоёр сум толгойг нь, нэг сум цээжийг нь оносон байна. Хохирогчийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч аврах ямар ч арга байгаагүй гэнэ. Диярбакыр мужийн захиргаа гартаа винтов буу барьсан хүний бичлэгийг нийтэд дэлгэсэн бөгөөд түүнийг хэргийг үйлдсэн гэж мэдэгджээ. Гэхдээ хүүгийн ар гэрийнхэн энэ хэрэгт цагдаа буруутай гэж үзэж байна. Курдын Хөдөлмөрчдийн нам Туркийн Засгийн газрын эсрэг 30 жил тэмцэл өрнүүлэхэд 40 мянган хүн амиа алдсан гэсэн мэдээ бий. Иран, Ирак, Сири, Туркт 30 гаруй сая Курд үндэстэн амьдардаг.




















































