Францад ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо түүхэнд байгаагүйгээр өсчээ. Өнгөрсөн 11-р сарын байдлаар ажилгүй иргэдийн тоо нийт 3 сая 488 мянган болсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 5,8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн эдийн засгийн өсөлт дөнгөж 0,4 хувийн үзүүлэлттэй гарсан байна.Францын ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдгээ амлажээ. Тэрбээр энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй бол 2017 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Тус улсын ерөнхий сайд Мануэль Вальс, Эдийн засгийн сайд Эммануэл Макрон нар хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөх чадвартай, тогтвортой ажлын байрыг бий болгох зорилт тавьжээ. Гэхдээ энэ төлөвлөгөө эдийн засгийг сэргээж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм.




















































