Сураггүй болоод буй Индонезийн онгоцыг осолдсон байж магадгүй гэсэн таамгийг дэлхийн хэмжээний мэдээллийн агентлагууд дэвшүүлж эхлээд байна. Тодруулбал “The New Straits Times” Сингапур хүрэхээр хөөрсөн “Indonesia AirAsia” компанийн онгоц Индонезийн Банка-Белитунг мужийн ойролцоо осолдсон байж магадгүй хэмээсэн бол CCTV” “Airbus A320-200” онгоцны сэгийг олсон талаар мэдээлэл цацлаа. Харин Индонезийн талаас одоогийн байдлаар онгоц осолдсон талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Индонезийн Тээврийн сайд Хади Мустофагийн мэдээлснээр онгоц холбоо тасрахаас өмнө цаг агаарын шалтгаанаар өндрөө нэмэх хүсэлт тавьсан гэнэ. Онгоц Сингапураас 370 гаруй км зайтай нисч явахдаа холбоо тасарчээ. Одоогоор албаныхан эрэл хайгуулын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.




















































