Ким Чен Уны охин дүү Ким Ё Чен 2014 оны сүүлээр улс төрийн лидерийн хүү Чой Сунтай гэрлэсэн тухай “Yonhap news” агентлаг онцолжээ. Хатагтай Ким албан ёсны уулзалт, хуралд байнга хуримын бөгжтэй ирэх болсон байна. Ким Чен Уны дүү охин ахынхаа эзгүйд улс орноо удирдаж хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон юм. Харин түүний нөхөр гэгдэж буй Чой нь Улс төрийн товчооны гишүүн, дэд маршал Чой Рён Хайгийн хүү ажээ. Чой Рён Хай нь өнгөрсөн онд Инчеоны Азийн наадмаар Өмнөд Солонгост айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан төлөөлөгчдийн нэг юм байна. Ийм гэр бүлүүд ураг барилдсан нь хүчээ нэгтгэж, эрх мэдлээ зузаатгах гэсэн арга гэж шинжээчид дүгнэжээ. “Ким Чен Ун өнгөрсөн онд дээд албан тушаалтнуудыг цаазалсан. Үүний дараа Кимийн гэр бүл Хойд Солонгост эрх мэдлээ бүрэн бэхжүүлсэн гэдгээ энэ гэрлэлтээр илэрхийллээ” гэж Bloomberg мэдээлэв.




















































