Өмнө нь долоо хоногт 60 мянган хувь хэвлэгдэн гардаг байсан “Charlie Hebdo” сэтгүүл энэ долоо хоногт 16 орны хэл дээр гурван сая хувь гарахаар болжээ. Одоогийн байдлаар дэлхийн олон орноос 300 мянга орчим урьдчилсан захиалга ирээд байгаа аж. Үүний зэрэгцээ сэтгүүл урьд нь баримталж байсан нийтлэлийн өнгө аясаа хадгалан, Исламын шашны зөнч Мухаммадын зургаар нүүр хуудсаа чимэглэсэн байна. Үүгээр ч зогсохгүй Мухаммадын гарт “Би бол Чарли” гэсэн бичиг бариулж доод талд нь “Бүгд өршөөгдсөн” гэж бичжээ.Зөнч Мухаммедыг доромжилсон хэмээн өш санасан исламын шашинтнууд сэтгүүлийн байранд халдлага үйлдэж, 12 хүнийг буудан хороосон юм. Хэрэгтнүүд бусармаг үйлдлээ Мухаммедын өшөөг авсан хэрэг гэж тайлбарласан байна. Энэ халдлагын дараа дэлхий даяар исламын шашны эсрэг хөдөлгөөн өрнөж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа билээ.




















































