
Centcom буюу АНУ-ын Төв командын Твиттер хуудас хакеруудын дайралтанд өртөж, хэдэн цагийн турш сааталд оржээ. Хакерууд сайтад “Лалын улс” бүлэглэл буюу “Isis” гэдэг нэрээр нэвтэрч орсоныг мөрдөгчид тогтоогоод байна. Эрх баригчид энэ халдлагыг “цахим хорлон сүйтгэх ажиллагаа” гэж нэрлээд ноцтой мэдээлэл алдагдаагүй гэдгийг онцолжээ. Гэмт хэрэгтнүүд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд нууц, нарийн мэдээллийг нийтлээгүй гэнэ. Гэхдээ BBC агентлагийн Батлан хамгаалахын шинжээч Жонатан Маркусын үзэж буйгаар энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай ноцтой дайралт ажээ. Түүнийнээр энэ халдлага нь улсын нууцыг задруулах гэсэн увайгүй оролдлого юм байна.






















































