Францын парламентын доод танхим Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг агаараар довтолж буй дайчдынхаа тоог нэмэгдүүлнэ гэдгээ амлажээ. Парисын шог сэтгүүлийн байранд лалын шашинтнууд халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэний дараа Францын Засгийн газар терроризмтой хатуу тэмцэнэ гэдгээ ингэж илэрхийлж байгаа бололтой. “Франц улс терроризм, жихадизм, радикал лалын шашинтай дайн зарлаж байна” хэмээн ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгджээ. Ирак, Сири дэх хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаанд Францчууд хамгийн идэвхтэй оролцдог. 



















































