Йемений Аль-Кайда бүлэглэл Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байранд халдаж, 12 хүнийг хороосон хэргийн хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгджээ. Твиттер хуудаснаа нийтлэгдсэн 11 минут үргэлжлэх видео бичлэгээр дамжуулан Арабын хойг дахь Аль-Кайда бүлэглэлийн тэргүүн командлагч Наср Аль-Анси зөнч Мухаммедын өшөөг авах зорилгоор дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Йемен дэх Аль-Кайдагийн салбар Парист халдлага үйлдсэнээр цар, хүрээгээ тэлж байгаа гэдгээ харуулж чадлаа. Мухаммедын өшөөг авч, өөрсдөө алагдсан дайчид баатар” мөн гэж мэдэгджээ.Харин Charlie Hebdo” сэтгүүлийн редакци зөнч Мухаммедийг шүүмжилсэн сүүлийн дугаараа 3 сая хувь хэвлэхээ мэдэгдсэн билээ. Хэдийгээр сэтгүүлийн ажилтнуудыг дэмжиж буйгаа Францын сая гаруй хүн илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсан ч лалын шашинтнууд заналхийлсэн хэвээр байна. Тодруулбал, Египетийн лалын шашны тэргүүнүүд сая сая хүний бишрэн шүтдэг зөнч Мухаммедын зургийг хэвлүүлэхгүй байх бүх талын арга хэмжээнүүдийг авна гэдгээ мэдэгджээ. Мөн лалын шашинтнуудын итгэл үнэмшил рүү халдсаар байвал бөмбөг дэлбэлнэ гэдгийг анхааруулсан байна.




















































