Арменийн хоёр дахь том хот Гюмрид цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 12 хүн шархдаад байна. Оросын Консулын газрын өмнө хэдэн мянган хүн эсэргүүцэл өрнүүлсэн нь эцэстээ мөргөлдөөн болоход нөлөөлжээ. Армени дахь Оросын баазад алба хааж байсан Валерий Пермяков хэмээх цэрэг нэг гэр бүлийн зургаан хүнийг буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн нь нутгийн иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна. Орос цэрэг Армени иргэдийн аминд хүрсэн энэ хэрэг нийгэмд үймээн дэгдээж эхэллээ. Оросын эрх баригчид дээрх хэргийг мөрдөн шалгана гэдгээ амласан ч сэжигтнийг Арменийн талд хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм.
Өчигдөр буюу пүрэв гаригт Армений нийслэл Ереван хотоос баруун хойд зүгт 120 км-ийн зайтай орших Гюмрид зургаан хохирогчийг оршуулах ёслол болж, нутгийн хэдэн мянган иргэн цугларчээ. Хохирогчдын дотор хоёр настай бяцхан охин ч байжээ. Энэ хэрэг Москвагийн Кавказ дахь гол холбоотон болох Армений дургүйцлийг төрүүлж, хоёр орны харилцаанд сэв суулгаж байна.




















































