Цагаан сарын баярын дараа Засгийн газар задарна гэх яриа гарч эхэлжээ. Энэ яриаг улс төрчид өөрсдөө гаргасан бөгөөд “Ингэхгүй гэх газаргүй” гэсэн таамгийг олон хүн хэлж байна. Тэд Шийдлийн Засгийн газрын гаргаж буй бодлого, шийдвэрийг олон нийтэд таатай бус сэтгэгдэл төрүүлж байгаа гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа ард түмний бүсийг чангалах бодлогыг танилцуулж олон нийтийн дургүйг хүргэсэн. Тэгсэн мөртлөө АН, МАН, “Шударга ёс”, “ИЗНН”-ээс бүрдсэн эрээвэр, хураавар данхар бүтэцтэй Засгийн газрыг байгуулсан. Цаашлаад 15 яаманд 17 дэд сайдыг томилж, хэмнэлтийг өөрсдөөсөө бус иргэдээс эхлүүлсэн билээ. Түүнээс гадна 4-5 төрлийн татвар нэмэх шийдвэрийг гаргаж аж, ахуй нэгжүүдийг хүнд байдалд оруулаад байгаа. Энэ мэт олон зүйлээс шалтгаалж түүнийг үнэлэх олон нийтийн үнэлэмж үгүй болсон гэж хэлж болно.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн бодлогогүй үгс түүнийг огцруулах гол үндэслэлүүд болж магадгүй байна.
Тодруулбал, тэрбээр эдийн засаг элгээрээ мөлхөж, улс орон, дампуурах гэж байна гэсэн утгатай хариуцлагагүй мэдэгдлийг чуулганы индэр дээрээс хэлсэн. Түүний хэлсэн үгэн дээр үндэслээд Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэсэн мэдээллийг цацсан. Бусад орнууд ч ийм таамаглалтай боллоо.
Аргагүй юм. Ерөнхий сайд нь улсынхаа эдийг засгийг хямарсныг зарлаж буй нь аль ч талаас нь харсан олон улсад албаны мэдэгдэл болох нь тодорхой. Дэлхийн аль ч оронд өөрийн улсыг дампуурсаныг зарладаг Ерөнхий сайд байхгүй. Хүндэрсэн ч Ерөнхий сайд нь олон нийтэд мэдэгдэж болохгүй. Ийм хариуцлагагүй мэдэгдлийг хийснээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох асуудлыг ч хөндөж болох юм.
Үүнээс нь болж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүртэл Ч.Сайханбилэгийг загнасан. Тэрбээр эдийн засаг тэгтлээ хүндэрчихээгүй гэдгийг онцлоод “Эдийн засгийн хүнд хэцүү байдлыг бид бүтэн хоёр жил ярьчихсан. Гэхдээ тэр нь эхчүүд хүүхдүүдийн мөнгийг булааж авах хүртлээ доройтчихсон юм байхгүй. Яах гэж анхнаасаа ингэж байхгүй асуудал УИХ дээр оруулж ирж, цаг барж байдаг юм. Наад популизм чинь хэтэрээ. Ч.Сайханбилэг ээ. Монгол Улсын үе, үеийн Ерөнхий сайд долоон зөвлөхтэй л байдаг байсан. Тэгээд одоо бүр аргаа бараад, тартагтаа тулаад, сөнөж байгаа юм шиг гурван хүнээ хэмнээд, 140 сая төгрөг ч гэх шиг. Та нарын энэ үг, үйлдэл чинь өөрөө нийгэм даяараа популизм бий болгоод байна. Хүмүүсийн цалин хөлсөн дээр хүрч очоод, тэгээд тав гурван төгрөг хасах хүртлээ, ийм юм Монгол Улсын хэмжээнд болоогүй байгаа. Бүр бүх зүйл болохоо больчихсон юм байна, одоо нэг Оюутолгой Тавантолгойг хөдөлгөөнд оруулаад, амь гаръя гэж байгаа бол болохгүй ээ, буруу. Би нэг юм гайхаад байна, цалингаа тавихгүй. Хэдийг хэмнэх юм, 500 сая төгрөг, тэнд гурван хүн хас, 140 сая төгрөг. Ийм хогийн юмаа боль, цаана чинь хүмүүс гайхчихсан сууж байна. “Нээрээ ингээд болохоо больчихсон юм байх даа, нийлж, нэгдээд хамаг юм сайхан болгоно гэсэн яасан...” гэсэн билээ.
Хэсэг чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд хэлсэн түүний энэ үг учраа олохоо байсан Ч.Сайханбилэгт том шүүмжлэл болж орхилоо. Өөрийг нь Ерөнхий сайд болгох гэж намын даргын албан тушаалаа хүртэл өгсөн Н.Алтанхуяг ингэж хэлэх болсон нь учиртай л байж таараа.
Өнгөрсөн долоо хоногт монголчууд улсын өрөөр амьсгаллаа. Бид улсын нийт өрийг ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байгаа гэж бодож явтал аль хэдийн 58,3 хувьтай тэнцчихсэн байсан нь олон нийтийн анхаарлыг татав. Өрийн хэмжээ хэд гэдгийг яг, таг хэлж мэдэхгүй улс төрчид хэсэг будилсаны эцэст 58.3 хувьтай тэнцсэнийг үг, дуугүй хүлээн зөвшөөрөв. УИХ дахь МАН-ын бүлэг өрийн хэмжээг хууль зөрчиж ирснийг дурдаад цаашид буулгаж ажиллана гэж ярив.
Үүнтэй зэрэгцээд Ч.Сайханбилэг өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүргэнэ гэх төслийг оруулж ирсэн ч гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадаагүй. Болохоо байгаад 60 болгож бууруулсан ч тусыг эс олсон.
Ийнхүү Ч.Сайханбилэгийн өр нэмэх санаачлага олон гишүүний дургүйцлийг хүргээд авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээнд Монгол Улсын гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй гэж заасан. Тохиролцооноос ухарвал МАН нь засгаас гарах чиглэлтэй шүү” гэсэн сануулгыг өгсөн билээ. Тэрбээр хэд, хэдэн удаа МАН-ыг Засгаас гарах асуудлыг хөндөнө шүү гэж хэлсэн.
Энэ мэт ил, цагаанаар Ч.Сайханбилэгийг эсэргүүцэх гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Бие даагчид бол бүр идэвхтэй сөрөг хүчин болж байгаа. Нөгөөтэйгүүр Эдийн засгийг хүндрэлээс гаргах үндсэн ажлаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэр сайн хийж чадаж байна вэ гэдэг нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хоёр сар болсон ч шийдвэрлэх ёстой асуудлуудаа огт шийдээгүй байна. Тодруулбал, 6.3 хувьтай байгаа Эдийн засгийн өсөлт эндээсээ хөдлөөгүй. Долларын ханш улам нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1949 төгрөгт хүрээд байна. Төсвийн алдагдал ч мөн 700 гаруй тэрбум төгрөг байна. Энэ мэт эдийн засгийг дээрдүүлэх болов уу гэсэн ганц хүлээлт талаар өнгөрч байх шиг. Үүнээс үзвэл Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн ирэх гуравдугаар сар буюу Цагаан сарын баярын дараа огцрох магадлал өндөр байна.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (74)