Өмнөд Суданы цагдаагийн бие бүрэлдэхүүн насанд хүрээгүй 280 цэргийг чөлөөлсөн гэж Юнисеф мэдээлэв. Тус улсад 2013 оноос хойш иргэний дайны гал дүрэлзэж, босогчдын тал хүчээ авсан учир Засгийн газраас арга буюу насанд хүрээгүй хүүхдүүдийг армид элсүүлж эхэлжээ. Сүүлийн нэг жилийн дотор 12 мянган хүүхэд хүчээр армид элссэн гэсэн баримт бий. Олон улсын байгууллагууд Өмнөд Суданы Засгийн газартай тохиролцоонд хүрсэнээр 3000 хүүхдийг чөлөөлөхөөр гэрээ байгуулжээ. Тиймээс удахгүй хүүхдүүд эрх чөлөөтэй болох гэнэ. Суданы нэгэн бяцхан цэрэг “Би өнгөрсөн зунаас хойш ээж, ааваа хараагүй. Тосгоныхон болоод гэр бүлээ хамгаалахын тулд AK-47 буу барин тэмцэж байна. Гэхдээ би сургуульд явмаар байна. Дахиад байлдахаас айж байна” хэмээн ярьжээ. 



















































