Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас хэт даврагчид Харуна Юкаваг цаазаар авсан билээ. Тиймээс үлдсэн нэг сэтгүүлчийн амийг аврахын тулд Йорданы эрх баригчдаас тусламж хүссэн юм. Учир нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Харуна Юкаваг цаазласныхаа дараа Кенжи Готогоор Йорданы шоронд хоригдож буй хэт даврагч эмэгтэйгээр солилцох саналыг Японы Засгийн газарт тавьсан юм. “Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй хэт даврагч эмэгтэй нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдсэн аж. Тэгвэл Йорданы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанд буй нисгэгч Муаз аль-Касасбехаар аль-Каидагийн гишүүн хэт даврагч эмэгтэйг солилцохыг зөвшөөрчээ. Йорданы парламентын төлөөлөгч Мухаммад аль-Моманийн мэдээлснээр “Исламын улс бүлэглэл” дэслэгч Муаз аль-Касасбехийг барьцаанаас суллаж, эсэн мэнд хүлээлгэн өгвөл Иракийн хэт даврагч эмэгтэйг шоронгоос суллахад бэлэн байна гэжээ. Гэхдээ Йорданы тал Исламын улс бүлэглэлд барьцаалагдсан Японы сэтгүүлчийн талаар үг дурсаагүй байна.




















































