Египетийн хойд хэсэгт орших Синайн хойг руу лалын шашны цэргүүд цуврал халдлага үйлдсэний улмаас 26 хүн амь насаараа хохирчээ. Лалын шашинтнууд армийн цэргүүдийг хөнөөх зорилгоор машинд тэсрэх бөмбөг суурилуулж, их буугаар галласан байна. Мөн Газын хилийн орчимд байрлах Шейк Зувайд, Рафах хотод халдлага үйлджээ. Энэ хэргийг үйлдсэн “Ансар Бейт аль-Макдис” хэмээх бүлэглэл нь Сири, Иракт хүчээ авсан “Исламын улс” бүлэглэлд нэгдэж, ерөнхийлөгч Аль-Сисигийн эсрэг тэмцэнэ гэдгээ зарлажээ. Өмнө нь армийн генерал байсан Аль- Сиси ерөнхийлөгч Лалын ахан дүүс байгууллагынхныг нухчин дарж, хүмүүсийг хоморголон цаазалж байгаа нь тэдний дургүйцлийг төрүүлсэн бололтой.
Египетэд улсад 2013 онд лалын шашинт ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш зэвсэгт тэмцэл тасралтгүй гарч байгаа ажээ. Ялангуяа Синайн хойгт өнгөрсөн аравдугаар сараас хойш онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна.
Египетийн эрх баригчид Палестины газар нутгийг туннель болгон ашиглаж, зэвсгийн наймаа газар авахаас сэргийлэх зорилгоор Газын хилийн орчимд 1 км урт тусгаарлах бүсийг барьж байгуулж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхээр Рафах хотын 1000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.




















































