Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эртний занданшуулсан булш байж болзошгүй зүйл айлын хашаанд байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс тухайн зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Түүнчлэн шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ. Өнөөдөр ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр лам, гэгээнтэн хүний занданшуулсан шарил байсан талаарх албан бус, таамаг мэдээлэл яваад байгааг албан ёсоор нотлогдсон зүйл биш гэдгийг хэллээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас уг олдворыг муудаж, эвдрэхээс урьдчилан сэргийлж Шүүх шинжилгээний үндэсний төвд хадгалуулахаар хүргүүлсэн. Судалгаа шинжилгээг хаана явуулах нь шалгалтын явцад тодорхой болно. Энэ эд зүйлийг Улаанбаатарт зөөвөрлөн авчирсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул яг хаанаас авчирсныг хэлэх боломжгүй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)