Хятадын Шандун мужийн “McDonald” рестораны эмэгтэй үйлчлүүлэгчийг хөнөөсөн хэргээр шашны бүлэглэлийн хоёр гишүүнийг цаазалжээ. Хэрэгтэн Жан Лидун ба түүний охин Жан Фан нар нь Хятадад үйл ажиллагаа явуулахыг хориглосон “Бүхнийг Чадагч Бурхан шүтээнүүдийн сүм”-ийн гишүүд байжээ. Тэд хохирогч 35 настай Ву Шуояныг сүмдээ хүчээр элсүүлэхийг завдсан юм. Улмаар хохирогчийг гар утасныхаа дугаарыг өгөхөөс татгалзсан гэдэг шалтгаанаар зодож хөнөөсөн байдаг ажээ. Энэ хэрэг гарсанаас хойш Хятадын эрх баригчид дээрх бүлэглэлийн хэдэн зуун гишүүдийг хоморголон баривчилж, заримд нь долоон жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноожээ. Бүлэглэлийг 25 жилийн өмнө үндэслэн байгуулагч Жао Вейшан гэгч нь АНУ-д дүрвэн зугтсан байна. Тэд Бурхан хятад эмэгтэйн дүрээр дэлхийд эргэн ирж байгаа тухай номлодог гэнэ. Энэ бүлэглэлийн вэб сайт хэдэн сая дагагчтай аж.
Б.Сондор




















































