Увснуур дэвжээний зохион байгуулдаг аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн гурав дахь барилдаан өчигдөр МБӨ-нд болж өнгөрлөө. 256 хүчит бөхөөс Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн арслан Оюуны Гантулга дахин үзүүрлэлээ. Б.Бат-Өлзийн хувьд сумын заан байхдаа нэг, аймгийн харцага байхдаа нэг, арслан болоод өргөөнд хоёр нийт дөрөв түрүүлээд байгаа юм. Харин Оюуны Гантулга АЦЦБЗББ-нд дөрөв дэхээ үзүүр булааж байна. Их шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү, Сүхбаатар аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар нар шалгарч хоцров. Залуу арслан Х.Оргилболд өөрийн садангийн Улаан гуталт хэмээх М.Цэрэндорж начингийн нэрэмжит барилдаанд дунд шөвөгт шалгарсан бол Г.Болдгэрэл, О.Очбат нарын начингууд бага шөвөгт үлдсэн юм.




















































