Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй “Цагаан сар – Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төвүүд, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.Энэ үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.
Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянбогд багийн Хөх хад гэдэг газар нутаглаж байгаа малчин Н-ын хонь өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Сумын МЭҮТ, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар үхсэн хониноос дээж авч аймгийн ХХААГ-ын МЭАЦЛ-т шинжлүүлэхэд нэгдүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Мөн Цээл сумын Дэрстэй багийн төвд багийн дарга Б-ын нохой галзуурсан нь шинжилгээгээр тогтоогдсон тул Цээл сумын Засаг даргын нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































