Өчигдөр 15.33 цагийн орчимд Нийслэлийн төв хэсэгт буюу Хүүхдийн урлах бүтээх төвийн замын зэргэлдээ орших “Хаан гэр” ресторан болон шар айрагны үйлдвэрт гал гарсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Мэдээлэлд 70 алба хаагч 20 автомашинтайгаар ажиллаж, галыг өчигдөр 20.30 цагт намжаан, 01.49 цагт бүрэн унтраасан гэдгийг дурдлаа. Энэхүү галыг олон цагийн турш унтраах боломжгүй байсан нь олон шалтгаан нөхцөлтэй байсан гэж НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар онцоллоо.
Тэрбээр "Гал гарсан барилга нь 1957 онд баригдсан хуучны барилга учраас барилгын зураг хийц, бүтэц нь тодорхойгүй байсан. Мөн тавын банзаар доторлон, хөөсөнцрөөр дулаалж, дахин тавын банз хадаж, шилэн хөвөнгөөр доторлосон байсан нь гал тархах гол шалтгаан болсон .Барилга шувуун дээвэртэй байсан учраас дээр гарч ажиллахад бэрхшээлтэй тал байлаа.Гэхдээ манай алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласны хүчинд барилгын нэгдүгээр давхар руу гал орохоос бүрэн хамгаалж чадсан.Техник, тоног төхөөрөмжөөр дутагдсан асуудал байхгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)