Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой гарч байгаа хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна. Тодруулбал, Сар шинийн баяртай холбоотой амар хялбар аргаар мөнгөтэй олох гэсэн иргэд цоож цуурга муутай, эзэнгүй айлын ууц, бууз, мах, хөөрөг, дээл гэх мэт эд зүйлсийг хулгайлах хэрэг сүүлийн өдрүүдэд гарах болжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн гэрийн үүдний амбаараас гялгар ууттай найман кг бууз, гулууз мах алдагдсан хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт гаражаас хоёр уут, 15 кг үхрийн мах алдсан хэрэг гарлаа. Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн агуулахаас 38 ширхэг хонины гулууз мах алдагдсан байна. Тиймээс иргэд та бүхэн амбаар, агуулах, гараж дотроо эд зүйлээ, ялангуяа махаа хадгалж байгаа бол цоож цуургаа баталгаатай болгох хэрэгтэй байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна. Д.Ундрах /24tsag.mn/





















































