Хятадын Ерөнхий сайд асан, 1989 оны ардчилсан хөдөлгөөнийг цэргийн хүчээр нухчин дарахыг дэмжигч гэдгээрээ танигдсан Ли Пенгийн охин Ли Шиаолин Швейцарийн банкинд 2,48 сая ам.долларын нууц данс эзэмшиж буйг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум дэлгэжээ. Ли Шиаолин нь улсын өмчит, эрчим хүчний “China Power International Development” компанийн дарга ажээ. Түүнийг яаж ийм өндөр албан тушаалд хүрсэнийг Коммунист намын гишүүд шалгаж байгаа гэнэ. Намын эрх баригчид эрх мэдлээрээ далимдуулан гэр бүлийн гишүүддээ эрчим хүч, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын бизнесийг өвлүүлдэг жишиг тогтсон нь ажиллах хүчний өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 2012 онд “Bloomberg” телевиз Хятадын удирдагч Си Зиньпиний гэр бүл 376 сая ам.долларын хувьцаа эзэмшиж буйг дэлгэн тавьсан юм. Мөн “The New York Times” сонин 2012 онд Хятадын Ерөнхий сайд асан Вэн Жибао 2,7 тэрбум ам долларын хөрөнгөтэйг нотолжээ.




















































