АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд тус улсын иргэншил олж авах эрх бүрддэг билээ. Энэ нь хятад эхчүүдийн хувьд хүүхдээ Америкт төрүүлэх гол шалтгаан болоод байгаа гэнэ. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр 2008 онд 4200 орчим эмэгтэй АНУ-д амаржиж байсан 2012 онд тус үзүүлэлт 10 мянга болж нэмэгдсэн байна. Хэрэв хүүхэд нь тус улсын иргэншлийг сонгосон тохиолдолд эцэг эх нь мөн уг газар оршин суух эрхтэй болдог аж. Албан ёсоор бол хүүхэд 21 нас хүрснээр эцэг эхээ батлан дааж, авчрах эрхтэй болдог.Тэгвэл сүүлийн үед энэ “мода” чинээлэг иргэдийн дунд ихээхэн дэлгэрч байгаа аж. Ерөнхийлөгч Си Зиньпин авлигын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн нь Хятадын нийгмийн чинээлэг давхаргад нэлээд хүндээр тусч байгаа юм. Өчигдөрхөн л гэхэд уул уурхайн томоохон корпораци болох “Hanlong Group”-ийн тэргүүн асан, тэрбумтан Лю Ханыг гэмт хэргийн бүлэглэл үүсгэж, хүн амины хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган цаазаар авах ял оноогоод байна. Өнгөрсөн жил гаргасан судалгаагаар банкинд 10 сая юаниас дээш /1.6 сая ам.доллар/ хадгаламжтай Хятадын чинээлэг иргэд гуравны хоёр нь гадагшаа цагаачилсан эсвэл цагаачлах төлөвлөгөөтэй байгаа гэж гарчээ.




















































