Грекийн Засгийн газар болон Евро бүсийн орны эрх баригчид Грекийн зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах хэлэлцээрт хүрч чадлаа хэмээн ВВС мэдээллээ.Харин Грекийн эрх баригчид зээлийн хөтөлбөрийн нөхцлийн дагуу эдийн засагт хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн жагсаалтыг ирэх даваа гараг /02.23/ гэхэд Евро бүст гаргаж өгөхөөр болжээ.
Түүнчлэн шинэ зээлийг хэдий хугацаанд эргүүлэн төлөх, ямар нөхцлөөр төлөх зэрэг асуудлыг тохиролцсон аж.
Өнгөрөгч даваа гарагт /02.16/ болсон уулзалтаар Грекийн Сангийн сайд зээлийн асуудлаар олон улсын зээлдэгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүй юм. Улмаар Грекийн зээлийн хөтөлбөр энэ сарын 28-наар тасалбар болох аюул тулгараад байв.
Гэсэн хэдий ч өчигдөрийн уулзалтаар талууд хэлэлцээнд хүрч чадлаа.
Дашрамд сонирхуулахад одоогийн байдлаар Грекийн өр 320 тэрбум еврод хүрсэн бөгөөд Европын орнуудаас гэхэд 240 тэрбум еврогийн тусламж авсан байна.
Энэ оны долоодугаар сарын 20-ноос эхлэн Европын орнуудад өрөө төлж эхлэх ёстой юм.




















































