Бангладешийн Падма голд гаталга онгоц ачааны онгоцтой мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ням гарагт болсон ослоор 69 хүн амиа алдсаныг албаны хүмүүс мэдээлсэн бөгөөд эрлийн багийнхан одоо хүртэл хайгуулын ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа гэлээ. Даваа гаригаас хайгуулыг эхлүүлсэн нь амиа аладгсдын тоог улам өсгөж байгаа аж. Цогцсуудын ихэнхийг гаталга онгоцноос олсон ч уснаас гарч ирэх тохиолдол нэмэгдсээр байгаа юм байна. Усан онгоцны осол элбэг тохиолддог Бангладешийн хувьд энэхүү осол тус улсад сүүлийн саруудад болсон хамгийн гамшигт үйл явдлаар нэрлэгджээ.
Холбогдох албаныхны мэдээлснээр ачааны онгоцны ахмад болон багийн хоёр гишүүнийг хэрэгт буруутган баривчлаад байгаа аж. Хоёр давхар MV Mostofa гаталга онгоцонд нийтдээ 140 зорчигч явжээ. Эдгээрэс ердөө 50 нь амьд үлдэж чадсан байна.
Азийн хамгийн ядуу үндэстэн гэгдэх Бангладеш улсын дундуур 230 гаруй гол хэрэн урсдаг юм. Аюулгүйн албаныхны мэдээлснээр тус улсын үйлчилгээнд явдаг усан онгоц, завьнуудын 95 хувь нь аюулгүй байдлын наад захын шаардлагуудыг хангаагүй байдаг гэнэ. Энэ сарын эхээр нутгийн өмнөд хэсэгт 200 гаруй хүнийг тээвэрлэж явсан онгоц осолдсоноор зургаан хүн амиа алдсан билээ.
Д.Идэр




















































