Долоо эсвэл түүнээс бага настай хэмээн таамаглагдаж буй охин Нигерийн зүүн хойд хэсгийн мужид террорист халдлага үйлдлээ. Ням гарагт болсон халдлагын уршгаар террорист охиноос гадна таван хүн амиа алдсан байна. Хэрэг явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Гүдлак Жонатан түүнийн засгийн газар исламын хэт даврагч Боко Харам бүлэглэлийг дутуу үнэлсэндээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн террористуудын нас улам залуужиж байгаад санаа зовж буйгаа хэлсэн байна.
Йобе мужийн худалдааны захад болсон халдлагаар нийт 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
Ирэх гуравдугаар сарын 28-ны өдөр болох Нигерийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг эсэргүүцсэн халдлагууд олон гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хэдийгээр сонгууль энэ сарын 14-ний өдөр товлогдсон боловч Боко Харамын халдлагуудын улмаас зургаан долоо хоногоор хойшилсон юм. Энэ хугацаанд Нигерийн эрх баригчид дэмжигч улсуудтайгаа уулзаж Боко Харамын эсрэг тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа билээ.
Нигерийн зарим нутгийг эзэлж, төрийн эрхийг авахыг эрмэлзэж буй Боко Харам бүлэглэлийн халдлагад 2009 оноос хойш тус улсын 13 мянга гаруй хүн амиа алджээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)