Өмнөд Суданы Малакал мужийн ойролцоох тосгоноос буутай этгээдүүд 89 эрэгтэй хүүхдийг хулгайлжээ. НҮБ-ын мэдээлснээр тэдгээр хүүхдүүд бүгд 13-аас доош насныхан байсан бөгөөд сургууль дээрээ шалгалтандаа бэлдэх үеэр хулгайлагдсан байна. Вау Шиллук тосгоны бага сургууль руу дайрсан халдагч этгээдүүд анги бүрийг нэгжиж бага насны хүүхдүүийг хулгайлсан бөгөөд зургаан багшийг ч мөн хүчээр авч явсан аж. 14 сарын турш иргэний дайн үргэлжилж буй Өмнөд Суданд хүүхдүүдийг цэрэг болгож ашиглах гэмт хэрэг элбэг тохиолдож байгаа юм. “Юнисеф”-ийн мэдээлснээр мөргөлдөгч талууд хоёулаа хүүхдийг дайнд ашигладаг бөгөөд нийтдээ 12 мянган хүүхдийг хулгайлсан байна.
2013 оны 12 дугаар сард ерөнхийлөгч Салва Кийр шадар сайд асан Райек Мачарыг төрийн эргэлт хийхээр төлөвлөж байна хэмээн буруутгасны улмаас талууд мөргөлдөж эхэлсэн юм. Энэ үеэс хойш засгийн газар болон босогчид хүүхдүүдийг цэрэг болгон ашиглах явдал эрчимтэй өссөн гэлээ.
Д.Идэр




















































