Кени улсад хэт даврагчдын гарт амиа алдагсдын тоо өнгөрсөн жил хоёр дахин өссөн тухай тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ. Зэвсэгт бүлэглэлүүд 2014 онд Кенид 173 хүний аминд хүрчээ. Энэ бол хил залгаа орших Сомали улсаас Аль-Шабаб бүлэглэл Кенид нэвтэрснээс хойш жилд хамгийн олон хүн тэдний гарт хөнөөгдсөн тохиолдол аж. 2012 онд Аль-Шабаб Кенид заналхийлснээс хойш нийтдээ 312 хүн амиа алдаж, 779 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
Найроби, Момбаса, гарисса, Мандера болон Важир хотуудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн олон удаа халдлага болж байжээ. Мөн хэт даврагчид цагдаагийн албатууд, жуулчин ихтэй газар, нийтийн тээвэр, сүм, худалдааны төв болон бусад олон хүн төвлөрдөг газруудад халдлага үйлдсэн байна.
Кени Аль-Шабабтай тэмцэхэд туслуулахаар 2011 оны аравдугаар сард Сомалид цэрэг илгээсний улмаас алан хядагчид тус улсад нэвтэрч өшөө авч эхэлсэн юм.
Д.Идэр




















































