Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эстони улсын парламентын сонгууль боллоо.
Сонгуульд эрх баригч Шинэчлэлийн нам ялалт байгуулсан байна. Ерөнхий
сайд Таави Ройвасын нам 30 суудал авсан бөгөөд 101 гишүүнтэй парламентад
олонх болж эвсэл байгуулахаар болж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эстони улсын парламентын сонгууль боллоо. Сонгуульд эрх баригч Шинэчлэлийн нам ялалт байгуулсан байна. Ерөнхий сайд Таави Ройвасын нам 30 суудал авсан бөгөөд 101 гишүүнтэй парламентад олонх болж эвсэл байгуулахаар болж байгаа юм. “Шинэчлэлийн нам 2015 оны парламентын сонгууль ялалт байгууллаа” хэмээн Таави Ройвас олон нийтийн ETV-ээр зарласан байна. Ройвасын нам нийт саналыг 27.7 хувийг авчээ. Энэ нь 2011 оны парламентын сонгуульд ялалт байгуулсан 28.6 хувийн саналаас буурсан үзүүлэлт аж.
Сонгуулийн үр дүн нь Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай дотно гэгдэх томоохон өрсөлдөгч Төв намынханд томоохон цохилт болсон байна. Оросыг дэмжигч Төв нам 24.8 хувийн санал авч 27 суудалтай болсон байна.
Харин Шинэчлэлийн намын эвсэлд байсан Социал Демократ нам 15 суудал, ИРЛ нам 14 суудалд ялалт байгуулжээ.
Ажиглагчид эрх баригч намыг сонгуульд гарна хэмээн санал нэгдэж байсан ч зургаан намд хуваагдсан парламентад шинэ эвсэл байгуулахад хүндрэлтэй хэмээн үзэж байна. Өмнөх парламентад дөрвөн нам байсан ч энэ жил Чөлөөт зах зээлийн нам, Цагаачлалын эсрэг Консерватив нам гэсэн хоёр нам шинээр байгуулагдаж сонгуульд эвсэл болж орсноор 15 суудал авсан байгаа юм.
Европын хамгийн залуу буюу 35 настай ерөнхий сайд Ройвас Украйны задралын улмаас ОХУ-аас нөлөөлөл ирэх вий гэсэн айдастай байгаа юм. Учир нь Эстонийн 1.3 сая хүн амын дөрөвний нэг нь орос үндэстэн бөгөөд тэдний ихэнх нь Төв намыг дэмжигчид аж. ЗХУ-ын нэг хэсэг байсан Эстони улс өдгөө НАТО-гийн гишүүн орнуудын нэг юм.
Д.Идэр




















































