Мексикийн олон улсад зартай “Зетас” хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг тус улсын цагдаагийнхан баривчилжээ. Толгойлогч Омар Тревино Моралесыг хойд хэсгийн Нуево Леон муж улсын тансаг харшдаа байх үед нь лхагва гаргийн өглөө баривчилсан байна. Тэрээр ах Мигуэль Анжелийг 2013 онд баривчлагдсанаас хойш “Зетас” бүлэглэлийг удирдаж байсан юм. Омар Тревино Моралесыг Мексикийн хар тамхи худалдаалдаг бас нэгэн зартай эзэн Сервандо Гомезыг баривчилсны дараа олжээ. Тиймээс түүний тухай мэдээллийг Гомезоос авсан хэмээн үзэж байгаа юм.
Хэрэгтэнг зургаан сарын өмнө худалдаж авсан тансаг харшдаа байхад нь олон зуун хүний бүрэлдэхүүнтэй ажиллагааны баг баривчилсан байна. Гэвч ажиллагааны үеэр ямар нэгэн буудалцаан, мөргөлдөөн болоогүй аж.
40 эсвэл 41 настай Z-42 хочтой (“Зетас”-ын 42 дахь толгойлогч) Омар Тревино Моралесыг АНУ болон Мексикт хар тамхи худалдаалсан, олон арван аллага үйлдсэн, хүн хулгайлсан хэргээр олон жил эрэн сурвалжилж байсан юм. Мексикийн засгийн газар түүний мэдээлэлд хоёр сая, Америкийнх таван сая ам.долларын шагнал амлаж байсан юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)