Бразилийн газрын тосны төрийн өмчит компани “Петробрас”-ын авлигын хэрэгт эрх баригч Ажилчдын нам болон Ерөнхийлөгч Дильма Роуссефф нарыг буруутгасан байна. Эрх баригчдыг “Петробрас”-ын гэрээнээс 200 сая ам.долларын үнэ бүхий түүхий тос “идсэн” хэмээн мэдэгджээ. Энэхүү буруутгалыг “Петробрас”-ын гүйцэтгэх захирал асан Педро Баруско хийсэн байна. Тэрээр авлигын хэрэгт Ажилчдын намын одоогийн санхүүгийн албаны дарга ч мөн оролцсон хэмээн ярьжээ. Педро Баруско хэлэхдээ “Ерөнхийлөгч Роусефф Петробрасын удирдах зөвлөлийг долоон жил тэргүүлэх хугацаанд тус компанийн авлигын хэрэг дээд түвшинд хүрсэн” гэсэн байна.
Тэрээр инженер, барилгын томоохон компаниуд удирдах зөвлөлд мөнгө мөнгө төлдөг байсан бөгөөд тэд үүний хариуд газрын тосны гэрээг компаниудад ашигтайгаар баталдаг байсан гэжээ. Харин Ажилчдын нам зөвхөн хууль ёсны хандив хүлээн авсан хэмээн үгүйсгэсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Бразилийн Дээд шүүх “Петробрас”-ын авлигын хэргээр олон арван төрийн өндөр албан тушаалтанг шалгаж эхэлсэн билээ. 54 хүнийг шалгаж байгаагийн дунд экс ерөнхийлөгч болон Конгрессын дээд, доод танхмийн төлөөлөгчид ч байгаа юм.
Д.Идэр




















































