Хойд Солонгосыг ёжилсон “The Interview” буюу “Ярилцлага” киног тус улсын хилээр заавал оруулж ард түмэнд нь үзүүлнэ хэмээн Өмнөд Солонгосын тэмцэгчид амлажээ. Тэд уг киног 100 мянган хувь хэвлэж агаарын бөмбөлгөөр дамжуулан Хойд Солонгосын нутагт хүргэнэ гэжээ. Мөн өнөөгийн удирдагч Ким Чен Унийг доормжилсон киноны тухай болон улс төрийн ухуулах хуудсыг 500 мянга хэвлэж социалист иргэдэд хүргэнэ хэмээн мэдээлжээ. Өмнөдийн тэмцэгчид улс төрийн суртал ухуулгаа хэзээ хилээр гаргахаа тодорхой мэдээлээгүй ч энэ сарын 26-ны өдөр орчимд зохион байгуулна хэмээн таамаглаж байна. Учир нь 2010 оны энэ өдөр Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц Пхеньяны оролцооны улмаас живж 46 далайчин амиа алдаж байжээ.
Сөүл ч гэсэн тэмцэгчдийн ухуулах арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж, тэд ухуулах хуудас тараах ардчилсан эрхтэй хэмээн тодотгосон байр суурь илэрхийлсэн байна.
Харин Пхеньян хэрвээ кино бичлэг болон ухуулах хуудсуудыг хилээр тараах юм бол хариуг нь цусаар авах болно хэмээн анхааруулжээ.
Хойд Солонгос болон удирдагчийг нь доромжилсон инээдмийн жанрын “Ярилцлага” киног “Sony pictures” компани бүтээсэн юм. Уг киног нээхээс өмнө компани хакерын халдлагад өртсөн бөгөөд үүндээ Хойд Солонгосыг буруутгасан билээ.
Д.Идэр




















































