Оросын сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовын охин эцгийнхээ хөнөөгдсөн хэрэгт ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгалаа. Тэрээр ерөнхийлөгчийг аллагын хэрэгт хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. 30 настай Занна Немцов хэвлэлийнхэнд ярихдаа “Тэр Путиныг тууштай шүүмжлэгч байсан. Тэр Оросын сөрөг хүчний хамгийн хүчирхэг удирдагч байсан нь түүнийг хөнөөх шалтгаан болсон. Аавыг өнгөрсний дараа сөрөг хүчнийхэн цаазлуулсан мэт чимээгүй болж, айдаст автлаа. Одоо бид өмнөх шигээ хүчирхэг биш болсон. Эрх мэдэлтнүүдтэй тэмцэх мэдлэг, туршлагагүй болсон” хэмээн ярьсан байна.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнээр ажилладаг тэрээр “Ерөнхийлөгч В.Путин энэхүү хэргийг зохион байгуулсан гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн хэргийг Мөрдөн шалгах хороотой одоо хүртэл холбогдоогүй байгаа бөгөөд энэ нь Оросын мөрдөгчид бие даасан байдалтай ажиллахгүй байгаатай холбоотой гэсэн байна. Үүнээс гадна тусгай баримтууд хадгалж байсан эцгийнх нь гэрт Мөрдөх хорооныхон оруулахгүй байна гэжээ.
Н.Заннагаас эцгийнхээ алуулсан тухай сонсоод ямар сэтгэгдэл төрснийг асуухад “Би итгэж чадаагүй. Одоо ч итгэж чадахгүй байна. Тэд миний аавыг алсан учраас би чимээгүй суухгүй” хэмээн хариулжээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (6)