НҮБ иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн цагаач иргэдийг хамгаалах эрс шийдвэр гаргасан нь олон улсад маргаан дэгдээж байна. Тус байгууллага Сирийн олон мянган цагаачдыг Европийн хойд хэсэгт, тодруулбал, хойд эсэгт орших баян орнуудад суурьшуулах болжээ. Мөн цагаачлалын энэхүү бодлогын хөтөлбөрийн нэг жилийн хугацаанд туршилт болгон хэрэгжүүлэхийг Европийн холбооноос шаардсан байна. Европийн холбооны Гадаад бодлогын дарга Федерика Могерини болон Дотоод хэргийн төлөөлөгч Димитрис Аврамопоулос нарт хүргүүлсэн захидалдаа НҮБ Европийн холбооны өнөөгийн хатуу хууль цагаачдад аюул учруулж буйг дурджээ. Өөрөөр хэлбэл Дублины хууль хэмээн алдаршсан хуулиар орогнол хүсэгч нутгаасаа гараад анх хөл тавьсан улсаасаа л орогнол хүсэх ёстой байдгийг өөрчлөх шаардлагатай гэжээ.
Сирид дөрвөн жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойш гурван сая гаруй хүн гадаадын орнуудад цагаачилжээ. Хэт олон цагаач орж ирсний улмаас Итали, Грек тэргүүтэй улсуудад цагаачлалын эсрэг хууль батлах тухай ч яригдаж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд Сирийн 42 мянган иргэн Италид цагаачлан үлджээ.
Д.Идэр




















































