Пүрэв гарагт Бангладешийн Багерхат дүүргийн цементийн үйлдвэрийн дээвэр нурснаар зургаан хүн амиа алджээ. Баруун өмнөд хэсэгт орших үйлдвэрийн ослоор амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Учир нь барилгын нурангид даруулж 60 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийн ихэнх нь хүнд нөхцөлд байгаа аж. Осол Монгла боомт хотод 13 цагийн орчимд болжээ. Гал унтраах анги болон иргэний хамгааллийн албаныхан нурангид эрлийг үргэжлүүлж байгаа юм байна. Учир нь үйлдвэрт 30 гаруй хүн гарч чадалгүй үлдсэн хэмээн нүдэн гэрчүүд мэдээлжээ. Харин Цагдаагийн газрынхан осол гарах үед үйлдвэрт хичнээн хүн ажиллаж байсныг тогтоогоогүй байна.
Тус улсад аюулгүй ажиллах нөхцөл хангаагүй олон барилга байдаг бөгөөд ийм төрлийн осол тохиолдох нь элбэг үзэгдэл юм. Бангладешт хамгийн гамшигт барилгын осол 2013 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон бөгөөд таван хувцасны үйлдвэр байршдаг есөн давхар байшин нурснаар 1100 гаруй хүн амиа алдсан билээ.
Д.Идэр




















































