Гаитийн эрх баригчид тэмцэгчдийн удаан үргэлжилсэн жагсаалын улмаас олон удаа хойшлуулсан сонгуулийн товоо гаргалаа. Сенат болон төлөөллийн танхмийн гишүүдийн гуравны хоёрыг сонгох сонгуулийг ирэх наймдугаар сарын есний өдөр явуулахаар болсон байна. Сонгуулийн зөвлөлийн мэдээлснээр парламентын сонгуулийн дараа ерөнхийлөгчийн болон хотын захиргааны сонгуулийг явуулахаар тогтсон бөгөөд хугацааг нь ирэх 10-р сарын 25-нд хэмээн зарлажээ.
Тус улсын үндсэн хуулийн дагуу одоогийн ерөнхийлөгч Мишель Мартелли ирэх сонгуульд өрсөлдөх нь хоритой юм. Сөрөг хүчин түүнийг эрх мэдлээ ашиглан үндсэн хуульд өөрчлөлт оруулж засаг барих хугацаагаа сунгах гэлээ хэмээн буруутгасан жагссан аж. Үүнээс гадна сонгуулийн хуулийг хэрхэн батлах асуудлаар талууд санал нэгдэхгүй байсны улмаас сонгуулийн товыг хойшлуулж байсан билээ.
Дэлхийн хамгийн ядуу орон Гаитид 2010 онд гамшигт газар хөдлөлт болсны улмаас ихээхэн хохирол учирсан бөгөөд улс төрийн хувьд ч нөхцөл байдал таруухан байгаа юм.
Д.Идэр




















































