Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод дан ганц өөрийн зарлигаар улс орныг удирдах эрх олгожээ. Гэхдээ Үндэсний ассемблейн түүнд олгосон эрх ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үйлчлэх юм байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод дан ганц өөрийн зарлигаар улс орныг удирдах эрх олгожээ. Гэхдээ Үндэсний ассемблейн түүнд олгосон эрх ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үйлчлэх юм байна. Үндэсний ассемблейн ерөнхийлөгч Диосдадо Кабеллогоор тэргүүлүүлсэн бүлэг улс төрчид хэдхэн цагийн өмнө Николас Мадурод шинэ хуулийн тогтоомжийг гардуулахаар нийслэл Каракас дахь ерөнхийлөгчийн ордны гадаа очсон байна. Мөн олон мянган хүн Үндэсний ассемблейн шийдвэрийг дэмжиж “импералист Америкийн эсрэг жагсаал”-аа ерөнхийлөгчийн ордны гадаа хийжээ.
Тусгай эрх мэдлээ хууль ёсоор хүлээн авсан Николас Мадуро ордны гадаа жагсагчид болон ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Тэрээр “Хуулийн засаглал надад энх тайван, хараат бус байдлыг хамгаалах хүч өглөө” хэмээн хэлжээ. Мөн засгийн газрыг унагааж төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын цаана АНУ байгаа хэмээн буруутгасан байна.
Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт АНУ тус улсын дипломатуудад шинэ хориг тогтоосны дараа хууль батлах зөвшөөрлийг өөрт нь олгохыг хүссэн билээ. Тэрээр Венесуэлийн гадаад хэрэгт оролцож буй АНУ-ын заналхийлэлтэй тэмцэхэд надад тусгай эрх мэдэл хэрэгтэй байна хэмээн мэдэгдсэн юм.
Харин сөрөг хүчин түүнд бүрэн эрх олгосон явдлыг Николас Мадуро Америкийн шийдвэрийг ашиглан эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, эдийн засгийн хямралын шүүмжлэлийг түр сатааруулж байна хэмээн шүүмжилжээ.
Тэрээр хоёр жилийн өмнө ерөнхийлөгч болсноос хойш хоёр дахь удаагаа тодорхой хугацаанд тусгай эрх мэдэлтэй болж байгаа юм.
Д.Идэр

Импералист Америкийг эсэргүүцэн ерөнхийлөгчийн ордны гадаа жагсагчид Николас Мадурод тусгай эрх олгосны баяраа тэмдэглэж байна.

Импералист Америкийг эсэргүүцэн ерөнхийлөгчийн ордны гадаа жагсагчид Николас Мадурод тусгай эрх олгосны баяраа тэмдэглэж байна.




















































