Номхон далайн арлын улс Вануату өнгөрсөн амралтын өдрүүдэд Пам нэрт хүчтэй хар шуурганд өртөж ихээхэн хохирсон. Тэгвэл энэ улсад олон улсын хүмүүнлэгийн болоод хүмүүнлэгийн бус тусламж нэн даруй хэрэгтэй байна хэмээн хүний эрхийн байгууллагууд уриалжээ. Вануату улсын ерөнхийлөгчийн мэдээлснээр тус улсын нийслэл гамшигт ихээхэн хохирсон бөгөөд барилгажилтын ажлыг бараг шинээр эхлэх хэрэгтэй болжээ. Цагт 300 км-ийн хурдтай Пам хар шуурганаар нийслэл Порт Вила хотын 90 гаруй хувь нь эвдэрч сүйдсэн бөгөөд 15 мянган хүн орон гэргүй болжээ. Мангас хэмээн нэрлэгдэж буй хар шуурганд бусад хотуудын цахилгаан холбоо бүхэлдээ устсан тул хэр их хэмжээний хохирол учирсан тухай нарийн тодорхой мэдээлэл авах боломжгүй байгаа аж.
Хэдий харилцаа холбоо муу байгаа ч олон улсын тусламжийн нислэгийг хүлээн авах зорилгоор Порт Вилла хот дахь нисэх онгоцны буудлыг түр ажиллуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Австрали улс тус улсад аврах багийнхан болон хүмүүнлэгийн тусламж илгээгээд байна.
270 мянган хүн амтай тус үндэстэн хэр их хохирол амссан нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч 2013 оны 11 дүгээр сард Филиппинийг дайрч 7350 хүнийг амийг хөнөөсөн Хайянь хар шуурганы хор уршгаас илүү хохирол үзнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Д.Идэр




















































